Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын дунд арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар -8.2...-15.2 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар -16.2...-19.2 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар -11.0...-14.4 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн дулаан нийт нутгаар өдөртөө -1 градус хүйтнээс 11 градус дулаан, нийт нутгаар шөнөдөө -26...-44 градус хүрч хүйтэрлээ. Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар фён салхи салхилсанаас өдөртөө хүйтний эрч суларч дулаарсан хэдий ч 16, 17-ны өдрүүдэд Алтайн өвөр говийн сумдаар цас орж, ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурсанаас дахин хүйтний эрч чангарч Алтай, Булган, Үенч, Дуут сумдын нутгаар -30 градусаас доош орж хүйтэрсэн өдрийн тоо 2-4 хоног үргэлжилжээ. Хамгийн хүйтэн Алтайн өвөр говийн сумдад Булган,Алтай,Үенчид -39.0...-44.0 градус хүрлээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур -7...-18 градус хүйтэн байсан. Хөрсөндөө өдөртөө +2...+20 градус дулаан байсан бол хамгийн хүйтэн нь шөнөдөө -27...-45 градус хүрсэн байна. Алтай, Булган, Үенч сумдад хөрсөн дээрээ шөнөдөө -40.0 градусыг давж 1-3 хоног хүйтэрлээ. Булганд хамгийн хүйтэн -45.0 градус хүрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Өнгөрөгч арав хоногт Жаргалант, Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут, Ховд, Булган, Алтай, Үенч сумдын нутгаар 0.0-18.7 мм, нийт 52 мм тунадас орлоо. Бусад сумдын нутгаар цас ороогүй. Хамгийн их нь Үенчид 18.7 мм, Алтайд 17.5 мм, Үенчид 15.3 мм цас орсон.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай байв. Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар халуун хуурай фён салхи шуурч салхины хамгийн их хурд Зэрэг суманд секундэд 39 метр, Ховд, Дарви суманд 34 м, Чандмань суманд 32 м/с, Мөнххайрханд 30 м/с, Жаргалант, Эрдэнэбүрэн,Дуутад 28 м/с, бусад сумдын нутгаар 16-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа. Алтай, Үенч сумдын нутгаар 4-6 м/с тогтуун салхитай байлаа.
Цас(Snow): Энэ сарын 20-нд хийгдсэн цасны хээрийн хэмжилтээр Булганд 18см, Алтайд 32 см, Үенч 30 см, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Ховд суманд 0-1 см зузаан цастай, Алтай, Булган, Үенч сумдад 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт цасны нягт 0.16-0.18 г/см3 байна. Эрдэнэбүрэн, Дөргөн, Ховд, Чандмань сумдад тарлантсан цастай байна. Жаргалант, Зэрэг, Дарви, Манхан, Мянгад, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут сумын нутгаар цасан бүрхүүлгүй байна. Алтайн өвөр говийн сумдаар тэгш тал газраа 25-30 см, ууландаа болон гуу жалга, хунгарласан газраа 60-80 см зузаан цастай байна. Өндөр уулын бүсийн сумдаар тал газраа 5-10 см, уул, гуу жалга, хунгарласан газраа 80-100 см, Их нууруудын хотгорын бүсийн сумдаар тэгш тал газраа 1-5 см, гуу жалга, хунгарласан газраа 10-15 см зузаан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, даарч бээрсэн, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх, цас ихтэй газраас нүүдэллэх, мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд зарим газраа цас ихтэй хүйтний эрч чангарч байгаагаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлсээр байна. Алтайн өвөр говийн сумдад цас нэмж орж хүчтэй цасан шуурга шуурч мал хотноосоо гарахгүй 2-3 хоног малын бэлчээрлэлт саатсан. Мөн Мөнххайрхан сумын ихэнх багийн нутгаар хүчтэй цасан шуурганы улмаас мал бэлчээрт гараалгүй 3 хоног саатсан. Мөст сумын Баянхайрхан, Хужирт, Давст багуудын нутгаар цасан шуурга шуурч ууландаа цасны зузаан 80-100 см хүрсэн. Дуутын Цагаанбургас, Хөх бэлчир, Шиврийн хөтөл зэрэг багуудын нутгаар их хүйтнээс бог мал бөөгнөрч дарагдах осгох, хээл хаях, бод, бог малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн нь мал маллагаанд хүндрэл учирч зудын байдалтай байна. Алтайн өвөр говийн сумдын нийт нутгаар малчдад өвс тэжээл хүргэх, хүн мал явах замыг нээхээр Сумдын Онцгой байдлын алба мөн аймгаас Урал машинаар хүч нэмэгдүүлэн үйл ажиллагаагааг явуулж байна. Их нууруудын хотгорын сумдын нутгаар жиндүү хүйтэн байлаа.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт Жаргалант, Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут, Ховд, Булган, Алтай, Үенч сумдын нутгаар 0.0-18.7 мм, нийт 52 мм тунадас орлоо. Бусад сумдын нутгаар цас ороогүй. .
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай байв. Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар халуун хуурай фён салхи салхилж, агаар хөрсөнд дулаарсан цас хайлсан. Энэ үер салхины хамгийн их хурд Зэрэг суманд секундэд 39 метр, Ховд, Дарви суманд 34 м, Чандмань суманд 32 м/с, бусад сумдын нутгаар 16-30 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурлаа. Алтай, Үенч сумдын нутгаар 4-6 м/с тогтуун салхитай байлаа. Эргээд нийт нутгаар хүйтний эрч чангарсан.
- Булган, Алтай, Үенч, Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань, Дөргөн, Дуут, Ховд, Мянгад суманд 0-32 см зузаан цастай, Алтай, Булган, Үенч, Ховд, Эрдэнэбүрэн сумдад битүү жигд цасан бүрхүүлтэй, Дөргөн, Чандмань сумдад тарлантсан цастай байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 2 дүгээр сарын 21-нд